Бүгд нэг гараанаас...

2016 оны 1 сарын 1-нээс бизнес эрхлэгчид бүгд нэг гараанаас хөдөлнө.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 2015-12-31 нээс өмнө бүх компаниудад нуусан хөрөнгөө ил болгох боломжыг олгож байна. Өөрөөр хэлбэл: Ил болгоод тайлагначихвал татварынхан таны 2015/3/31-нээс өмнөх хугацаанд бий болгосон хөрөнгийг ухаад байхгүй гэсэн үг.

НӨАТ-ийн тухай хуулиар иргэн бүр худалдан авсан бараанд төлсөн НӨАТ-ийнхөө 2 хувийг буцаан авдаг болох гэж байна. Жишээ нь: Та 2016 онд нийт 50 сая төгрөгний НӨАТ-тэй худалдан авалт хийсэн бол үүнийгээ тайлагнаад 1 сая төгрөгийг нь буцаан авах боломжтой. Иймд бизнес эрхлэгч та төлөх татвараа нуувал хожим гэмшивч барагдахгүй зүйл болно. Учир нь таны бараа, ажил үйлчилгээ төрд бүртгэгдэх тул төлөх татвараа нуувал акт, торгууль таныг тойрохгүй байх нь ээ.

Ингээд бизнес эрхлэгчид бид татвараа яаж нуух вэ гэж санаа зовох зүйлгүй, бүгд нэг тайлантай нэг гараанаас хөдлөх боломжтой болж байна.

Хэн татвараа үнэнч шудрагаар төлнө, тэр хүн бизнес хийнэ.

  • Өмнө нь хувиараа бизнес хийгээд сард зөвхөн 10,000 төгрөгний патентийн татвар төлж болоод байсан. Одоо тэгэх боломжгүй болно. Учир нь ийм боломжийг гаргадаг байсан хууль байхгүй болно.
  • Өмнө нь бид хуурамч падаан цуглуулж татварт акт тавиулдаг байсан. Одоо тэгэх нь багасна, Учир нь компаниуд падаанаа татварын системээс хэвлэж өгдөг болно.
  • Өмнө нь сайн татвар нууж 2-3 янзын тайлан гаргадаг нягтланг сайн нягтлан гэдэг байсан. Одоо үнэн зөвөөр бүртгэл хөтөлж, тайлан гаргадаг тэр хүнийг сайн нягтлан гэж дууддаг болно, удахгүй.
  • Өмнө нь татвар төлдөггүй нь хожиж, татвар төлсөн нь хожигддог байсан. Одоо татвар төлдөггүй хүн бизнес хийхэд хүндрэлтэй болно.
  • Өмнө нь бизнесийнхэн бүгдээрээ шахуу бий болгосон хөрөнгө орлогоо нууж, тэрнээсээ болж нэг хэсэг хүмүүст /татварынхан, хүчнийхэн, улс төрийнхөн, өрсөлдөгч нар г.м бусад.../ боекотлуулдаг байсан. Одоо нуусан хөрөнгөө ил гаргачихвал, хэн нэгнээс  айж эмээх шаардлагагүй болно.

Гэхдээ бидэнд эргэлзээ бий.

  • НӨАТ-ийн падаанаас болж хичнээн бизнес эрхлэгчид хохирч, хэн хэн баяжлаа даа. Энэ давтагдахгүй гэх баталгаа байна уу?
  • Төр энэ 2 хуулийг хэрэгжүүлсэний дараа татвар төлдөггүй бизнес эрхлэгчид урьдын адил хожсоор л байх юм биш биз?
  • Төр бидний өгөх татварыг зөв зүйлд зарцуулж чадах болов уу?

Бизнесийнхэн бүгдээрээ шудрагаар татвараа төлж байж бизнесээ явуулдаг тийм тогтолцоо хурдан хугацаанд, амжилттай хэрэгжиж улс орон маань хямралаас гарах болтугай.

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

 

Утас: 7013-1044,