1-р гарын үсэг зурахын өмнө

Гүйцэтгэх захирал та санхүүгийн тайландаа 1-р гарын үсэг зурахаас өмнө доорх зөвлөмжүүдийг анхааралдаа аваарай. Хэрэв анхаарч үзэхгүй бол санхүүгийн тайлан буруу гарсанаас үүсэх эрсдлийг 1-р гарын үсэг зурж байгаа хүн хүлээдэг болохыг сануулъя.

Гүйцэтгэх захирал санхүүгийн тайланд доорх 2 тохиололд гарын үсэг зурна. Үүнд:

Гарын үсэг зурах тайлан

Зорилго

1

Төрийн сан, татварын албанд гаргадаг тайлангууд дээр гарын үсэг зурна.

/Төрд тайлангаа танилцуулах зорилгоор/

Татварын зорилгоор гаргасан санхүүгийн тайлангийн зорилго нь төлөх татварын хэмжээг үнэн зөв тодорхойлох явдал.

2

Хөрөнгө оруулагч, ТУЗ-д танилцуулах тайлан дээр гарын үсэг зурна.

/Компаний эздэд тайлангаа танилцуулах зорилгоор/ Компаний эздэд гаргаж өгөх санхүүгийн тайлан нь тайлант үеийн ашгийн хэмжээг үнэн зөв тодорхойлох явдал.

 

Доктор (Ph.D),  дэд профессор Г.Алтанзаяа: Татварын зорилгоор гаргасан санхүүгийн тайланг сул талтай хэмээн тодорхойлжээ. “НББ-ийн хөтлөлтөд олон улсын стандартыг мөрдөх бодлого алдагдах төдийгүй үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлж чадахгүй сөрөг үр дагавартай. Мөн мэдээллийн үнэн зөв байх зарчим хангагдахгүй.”

Тиймээс компаний хөрөнгө оруулагчдад үйл ажиллагааны үр дүнг зөв гаргасан санхүүгийн тайланг танилцуулах нь зөв юм.

Ямар ч зорилгоор санхүүгийн тайлан гаргасан бай гүйцэтгэх захирал 1-р гарын үсэг зурахаас өмнө доорх зүйлсүүдийг анхааралдаа авах ёстой.

1. Задаргаагүй тайланг ня-бодоо буцааж өг. Тооны ард тоо байдаг. Санхүүгийн байдлын тайланд тусгагдсан тоонууд нь туслах тайлангуудтайгаа тулж байгаа эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Жишээ нь: Кассын тайлан, Харилцахын тайлан, Бараа материалын тайлан, үндсэн хөрөнгийн тайлан, авлага өглөгийн тайлан, цалингийн хүснэгт, журнал болон татварын тайлангууд г.м нь санхүүгийн тайлантайгаа уялдаа холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл: Та нягтлангаасаа санхүүгийн тайланд тусгагдсан тоонуудын задаргааг /туслах тайлангуудыг/ нэг бүрчлэн гаргуулж авах ёстой. Энэ нь танай компани татварын шалгалтанд орох, ня-бо солигдох, аудит хийлгэх зэрэгт хожим хэрэг болно.

2. Тооллого хийгээгүй тайланг ня-бодоо буцааж өг.  Санхүүгийн тайлан дээр байгаа Бараа материал, Үндсэн хөрөнгө, Мөнгөн хөрөнгө гэх мэт данснуудын эцсийн үлдэгдэл нь тооллогын үлдэгдэлээр баталгаажигдсан байх ёстой. Хэрэв тооллого хийхгүй бол эдгээр үлдэгдлүүд болон цэвэр ашгийн дүн бодит байдлаас өндрөөр тусгагдах магадлалтай. Тухайлбал: Танай компаний Бараа материалын тайлангийн үлдэгдэл 50 сая төгрөг гэж гаргасан гэж бодьё. Гэтэл яг тооллого хийгээд үзэхэд 40 сая төгрөгний бараа материал байсан. Эндээс бараа материал бодит байдлаас 10 саяар илүү тусгагдсаныг мэдэж болно. Хэрэв танай бүртгэл тооцоо муугаас болж  энэ дутагдал яасан нь мэдэгдэхгүй бол энэ нь зардал болж танай  ашигт ажиллагааг бууруулна.

3. Татварын өглөг авлагын үлдэгдлүүд татварын тодорхойлолтоос зөрсөн бол энэ тайланг ня-бодоо буцааж өг.

3.1   Санхүүгийн тайлан дээр тусгагдсан татварын өглөг авлагын үлдэгдлүүд нь /НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, НДШ/ татварын тайлангийн эцсийн үлдэгдлүүдтэй тулж байх ёстой. Үүнийг шалгаж үзээрэй.

3.2  Компани бүрийн татварын өглөг авлагын үлдэгдлүүд татварын албаны компьютерт байдаг. Энэ үлдэгдэл нь танай ня-бо-гийн татварын үлдэгдэлтэй зөрсөн бол үлдэгдлийг нь тэнцүүлсэний дараа гарын үсгээ зурах ёстойг анхаарна уу. Ийм тохиолдол маш их байдаг. Иймд тайлан ихэнх тохиолдолд татварын албанаас буцаагддаг.

4. Анхан шатны баримт бүрдүүлэлт хийгдээгүй тайланг ня-бодоо буцааж өг. Энэ нь захирал та бүх анхан шатны баримтыг шалгаад суу гэсэн үг биш. Харин танай нягтлан сар бүр баримт бүрдүүлэлтээ хийгээд, анхан шатны баримтнуудаа цэгцэлсэн байх ёстой гэдгийг сануулж байна. Ихэнх ня-бо нар энэ ажлыг цагт нь хийж яваагүйгээс болж сүүлд хүндрэлтэй асуудалд ордог. Ня-бо ажлаа хүлээлцэх, татварын шалгалтанд дуудагдах, аудит хийлгэх гэх мэт үед үл ойлголцол бий болдог. Энэ ажлыг хийгээгүй байлаа гээд байгууллага л хохирдог. Иймд анхаарч үзэх ёстой. Тиймээс баримт цэгцлэлт ямар байгааг харж шалгаад өөрийн үнэлэлтээ өгч явах хэрэгтэй.

5.  Логикгүй гаргасан санхүүгийн тайланг ня-бодоо буцааж өг. Энэ ч харваас буруу гарсан тайлан байна даа гэж хэлүүлэхгүй байвал сайн. Тэгж хэлж байвал үүнийг логикгүй гаргасан санхүүгийн тайлан гэж ойлгоно. Санхүүгийн тайланг логиктой, эсвэл логикгүй гаргасан талаар мэдэх нь мэргэжлийн бус хүнд хэцүү боловч зарим зүйлс дээр харьцуулалт шинжилгээ хийж санхүүгийн тайлангаа зөв эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй. Эс бөгөөс хожим гарч болох эрсдэл өндөр байна. Энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл “Санхүүгийн тайлангийн логик” гэсэн нийтлэлийг уншаарай.

6. Санхүүгийн тайланг гаргахдаа зөвхөн мөнгөн хөрөнгийг л бүртгэсэн бол энэ тайланг ня-бодоо буцааж өг. Танай ня-бо зөвхөн касс болон харилцахын гүйлгээн дээрээ үндэслэж санхүүгийн тайлан гаргасан юм биш биз. Ийм тайланд авлага өглөгийг огт бүртгээгүйгээс гадна, орлого зардал ашгаа ч буруу тооцоолсон байдаг. Зээлээр бараа авах, зардал гаргах, дараа тооцоогоор борлуулалт хийх, элэгдэл тооцох, үндсэн хөрөнгө бараа материалаа актлах, зарлагадах гэх мэт маш олон төрлийн ажил гүйлгээ мөнгөтэй холбогдолгүйгээр гарч байдаг. Хэрэв энэ гүйлгээнүүдийг бүртгэхгүй бол асуудалтай. Тиймээс та ня-богоосоо “мөнгөнөөс гадна гарсан ажил гүйлгээгээ яаж бүртгэсэн бэ?” гэж асуугаад жагсаалтыг нь шалгаж үзээрэй.

7. Ногдуулсан татвараа хугацаанд нь төлдөггүй ня-ботой бол... Та санхүүгийн тайландаа гарын үсэг зурсаны дараа тайлан дээр байгаа татварын өглөгүүдийг шууд төлж барагдуулах ёстойг анхаар. Ингээгүйгээс болж хожим төлөөгүй татвараас хоног тутам 0,1 хувийн торгууль, 0,051 хувийн алданги  тооцуулах эрсдэлтэй. Танай ня-бо үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад байна уу? Эсвэл...

8.    Санхүүгийн тайлангаа үнэн зөв гарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй бол АУДИТ-д ханд. Та аудитыг жилийн эцсийн тайлангаа төрд тушаахын тулд тамга даруулах зорилгоор л ашигладаг бол энэ нь буруу хандлага юм. Таны аудитад хандах хандлага буруу байвал аудитын ач тус гэж үгүй. Аудит нь танай гаргасан санхүүгийн тайлан стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн эсэхийг тодорхойлж дүгнэлт гаргах ба асуудалтай зүйлс дээр зөвлөмж өгдөг. Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлоод аудитын байгууллагад хандвал аудитын зөвлөмж, дүгнэлт танд үр өгөөжөө өгнө.

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044