Хоёр тайлангаас нэг тайлан руу

Нэг хэсэг манай компаниуд бизнесээ хөл дээр нь тогтоохын тулд татвараа нуух гэдгийг ч үзүүлж өгдөг л байв. Ерөнхийдөө татвар бага төлөхийн тулд бизнесээ жижигсгэх бодлого барьдаг байлаа. Үүний эсрэг Татварын алба маань татвараа хуулийнх нь дагуу тооцоолоод авчих санаатай хяналт шалгалт хийх ба зөрчилгүй компани гэж бараг л байдаггүй байсан.

Бизнесээ жижигрүүлсэнээр компаниуд болж өгвөл НӨАТ төлөгч болохгүй байх боломжтой. Мөн жижиг компани татварынханы анхааралд өртдөггүй, жижиг компаний татварыг нуухад илүү хялбар гэх зэрэг ойлголтууд байв.

Энэ бүх асуудлын дунд нягтлангууд маань үндсэндээ үргэлжилсэн үгийн зохиолч гэдэг шиг тооны зохиолч болцгоов. Байгууллагууд нягтлан гэдэг хүнийг татварт зориулж тайлан гаргуулах зорилгоор л ашигладаг болов. Үүнээс үүдэж нягтлангуудын онигоо ч гарч байв.

Нэг байгууллага нягтлан ажилд авах зорилгоор ирсэн нягтлангуудаас асуулт асуужээ. Тэр нь их энгийн 2+2=хэд вэ?Эхний нягтлан нь 4 гэж хэлээд тэнцсэнгүй, 2 дахь нягтлан нь 5 гэж хэлээд тэнцсэнгүй, гэтэл 3 дахь нягтлан нь “хэд гаргавал танд зүгээр үү захиралаа”гэж асуугаад тэнцэж ажилд оржээ.

Ингэж байтал 2007 онд НӨАТ, ААНОАТ татварын хувь хэмжээ багасч 10 хувь болов. Мөн өршөөлийн хууль гэгч гарч, татвараа нуусан компаниудыг бүгдийг нь өршөөсөн ч цөөн хэдэн том компаниуд л 2 тайлан гаргадаг байдлаа зогсоосон.

Ихэнх нягтлангууд байгууллагынхаа татварт төлөх мөнгийг багасгахад хамаг анхаарлаа хандуулсанаас болж, дотоод хяналт тавих үндсэн ажлаа цалгардуулдаг байв. Ингээд үр дүн нь: Татварт төлөх мөнгө багасна, эсрэгээр байгууллагын эд хөрөнгө шамшигдаж нүдэнд харагдахгүй үргүй зардлууд ихэснэ. Энэ нь ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.

Зарим овсгоотой нягтлангууд би танай компаний татварыг ингэж багасгаж байна, иймд ..................? гэж шантааж тавина. Ингээд ажлаас халж ч болдоггүй, сайдаж болдоггүй муудаж болдоггүй нэг хүнтэй болно.

Харин E-баримт гэх ойлголт гарсанаар хоёр тайлан гаргадаг байдал багасч байна. Нягтлан гэдэг хүнийг хэдэн тоо нууж хаахад биш, удирдлагадаа зориулж хэрэгцээтэй тайлан тооцоо гаргахад, байгууллагынхаа санхүүгийн хяналтын сайжруулах тал дээр түлхүү ашиглах ёстойг бизнес нь хөл дээрээ тогтож байгаа өнөөгийн компаниуд ойлгож эхэлж байна.

Үнэндээ нягтлангууд маань ч ийм компаниудад түлхүү ажиллах сонирхолтой байдаг. Учир нь ийм байгууллагад ажилладаг нягтлангууд ажилдаа илүү сонирхолтой, хамт олон дундаа нэр хүндтэй, ур чадварын хувьд сайжрах боломжтой болдог байна.

Бизнесмэнүүд нөгөө жижигсгэсэн олон компаниудаа цөөрүүлж болж өгвөл ганц компанитай, ганц тайлантай байхыг илүүд үзэж байна. Ингэснээр наад зах нь удирдлагын зардал /олон компани хариуцсан захирал, нягтлангууд, оффисын зардал гэх мэт/ буурч, Төр болон томоохон компаниудаас зарлаж буй Худалдан авах ажиллагааны тендерт ялах магадлал өндөр болж байна. Санхүүгийн өндөр үзүүлэлттэй компанид банк зээл олгож илүү томрох боломжыг олгож байна.

Ийнхүү хоёр тайлангаас нэг тайлан руу, олон компаниас нэг компани руу шилжих шилжилтийн үе эхэлж байна. Энэ нь улс оронд ч, компаниудад ч, нягтлангуудад ч аль алинд нь хэрэгтэй зүйл болж байгаа юм.

Одоо НӨАТ-ийн 10 хувийг нь багасгаад байгууллага, хувь хүн бүр НӨАТ төлөгч болчихвол хэдэн жилийн дараа далд эдийн засаг байхгүй болж татвараа нуудаг байдал түүх болон үлдэнэ.

Бизнесээ ашигтай ажиллуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044