Мэжик консалтинг Аудит ХХК нь Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадад ивээн тэтгэгчээр оролцлоо.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын шилдэг оюутнуудыг шалгаруулах, ирээдүйн мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэгийн төвшинг дээшлүүлэх, оюутнуудын биеэ дайчлан суралцах идэвхийг өрнүүлэх, багш нарын ажлын туршлага, арга барилыг харилцан баяжуулахад туслах, нягтлан бодох бүртгэлийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадуудаа алдаршуулах зорилгоор нягтлан бодох бүртгэлийн улсын олимпиадыг Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. 21 дэх удаагийн олимпиад энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болсон бөгөөд Монгол Улсын Гавьяат эдийн засагч, ММНБИ-ийн 5 дахь ерөнхийлөгч, Монгол Улсын Анхны Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор Цэрэнгаваагийн Жигдэнгийн нэрэмжит болгон зохион байгуулагдлаа.

Мэжик Консалтинг Аудит ХХК нь 21 дэх удаагийн улсын олимпиадын ивээн тэтгэгчээр ажиллаж ирээдүйн чадварлаг нягтлан бодогч, эдийн засагч бэлтгэх ажилд хувь нэмрээ орууллаа.

21 дэх удаагийн улсын олимпиадад  МУИС, СЭЗИС, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, Мандах ИС, Олон улсын эдийн засаг бизнесийн сургууль, Отгонтэнгэр ИС, Этүгэн ИС, ХУИС, Улаанбаатар-Эрдэм ИС, орон нутгаас Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Баянхонгор аймаг дахь салбар, Ховд ИС, Завхан МУИС, Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, нийт 13 их дээд сургуулийн 65 оюутан оролцлоо. Олимпиад 2 үе шаттай ба эхний шатанд оюутнууд бие дааж Санхүүгийн тайлагналын болон нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, Санхүүгийн ба зардлын бүртгэл, англи хэл зэрэг сэдвийн хүрээнд тест бөглөх, сэдэвчилсэн бодлого бодон өрсөлдсөн бол 2-р шатны уралдаанд багаар кейс дасгал дээр ажиллав.

Олимпиадаас шилдэг сургууль, шилдэг багш, шилдэг 10 оюутныг шалгаруулдаг бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн улсын XXI олимпиадын аваргаар Н.Дамдиндорж багштай МУИС-ийн баг тодорч, 2-р байрт П.Доржпүрэв багштай СЭЗИС, 3-р байрт Г.Амарбаясгалан багштай Мандах ИС-ийн Дархан салбар сургууль, хувийн дүнгээр ТОП-10 оюутны 1-р байрт СЭЗИС-ийн 4-р курсын оюутан Э.Насантогтох шалгарлаа.

Амжилт гаргасан Их, дээд сургуулиуд болон олимпиадад оролцсон нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа